ТЭНСЭХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ТЭНСЭХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ИРГЭДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хороод, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран шүүхээс тэнсэх албадлагын  арга хэмжээ авагдсан иргэдэд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.

Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хүнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох зэрэг Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг давхар авч болдог. Хэрвээ хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

Энэ талаар прокуророос дээрх иргэдэд мэдээлэл өгч, бусад оролцогч байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан хүний  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр зөвлөгөө өгчээ. 

Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 80 орчим хүн тус сургалтад хамрагдсан байна.